06.03.2018


2018 оны 2-р сарын 8-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (ШУТИС) захирал Баатарын Очирбатад Москвагийн Эрчим Хүчний Дээд Сургуулийн (МЭХДС) "Хүндэт профессор" цол олгосон юм.

"Хүндэт профессор" цол олгох ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Түдэвийн Батбаяр, ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн захирал Чимэдийн Мангалжалав, ШУТИС-ийн захирлын зөвлөх Лхамсүрэнгийн Гүрбазар, МЭХДС-ийн аспирант Доржийн Мөнхтулга нар оролцов.

МЭХДС-ийн ректор Н.Д.Рогалев ёслолын үйл ажиллагааг нээсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаанд МЭХДС-ийн дэд захирлууд, олон улсын хэлтсийн ажилтанууд болон Эрчим Хүчний Системийн Реле хамгаалалт ба Автоматикийн (РЗиАЭс) тэнхимийн багш нар оролцсон юм.

Энэхүү айлчлалын хүрээнд МЭХДС-ийн ректор Н.Д.Рогалев болон ШУТИС-ийн захирал Б. Очирбат нар реле хамгаалалт автоматжуулалтын систем дээр ажиллах Орос-Монголын хамтарсан тоон технологийн цахим төв байгуулан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү төвийн үйл ажиллагааг Эрчим Хүчний Системийн Реле хамгаалалт ба Автоматикийн (РЗиАЭс) тэнхимийн профессор Ян Леонардович Арцишевский хариуцан ажиллахаар болсон бөгөөд тус төв нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалтын үеийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилготой.

Мөн ШУТИС-ийн төлөөлөгчид МЭХДС-ийн өндөр хүчдэлийн техник, цахилгаан эрчим хүчний систем болон цахилгаан техникийн тэнхимүүдээр зочилж үйл ажиллагаатай нь танилцав.

Баатар овогтой Очирбат нь 1996 онд МУИС-ийн Математикийн Сургуулийг төгссөн бөгөөд 1999 онд ШУТИС-ийн эрдэм шинжилгээний төвд техникийн шинжлэх ухааны чиглэлээр (компьютерийн технологи) докторын зэрэг хамгаалсан.

Профессор Б.Очирбат нь системийн динамикийн чиглэлээр Норвегийн Бергенгийн Их Сургуулийн Мэдээлэлийн тэнхимд, Австрийн Вена хотын Технологийн их сургуульд тус тус суралцсан бөгөөд математикч, системийн динамикийн шинжээч мэргэжил эзэмшсэн.

2000-2003 онд ШУТИС-ийн Математикийн тэнхимийн эрхлэгчээр, 2006-2011 онд Компьютер Техник Менежментийн Сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан.

Профессор Б.Очирбат нь 2 жилийн турш ШУТИС-ийн дэд захирлаар ажиллаж байгаад 2013 оноос хойш өнөөг хүртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байна. Мөн Б.Очирбат профессорын судалгаа нь дэлхийд танигдсан бөгөөд тэрээр дэлхийн тэргүүлэх эрдэмтэд, лабораториудтай хамтран ажилласан туршлагатай. Тэрээр 12 гаруй ном, сурах бичиг бичиж, системийн динамик загварчлал, системийн сэтгэлгээний чиглэлээр 45 судалгааны ажлуудыг хэрэглээний математикийн салбарт хийсэн байна.

Тэрбээр мөн 6 их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, 4 төслийн удирдагчаар ажиллаж байна.

Өнгөрсөн 3 жилийн турш ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургууль, МЭХДС хамтран магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Б.Очирбат нь МЭХДС болон ШУТИС хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь "ОХУ-д суралцацгаая" олимпиадын шалгаруулалтын дагуу, МЭХДС-д суралцах гадаад иргэдийг сонгон шалгаруулах эрхийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар Монгол улсаас МЭХДС-д 20 гаруй магистр, аспирант оюутан суралцаж байна.

Б.Очирбатад олгосон "МЭХДС-ийн хүндэт профессор" цол нь манай хоёр их сургуулийн цаашдын холбоо, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

​​​​​​​​​​